2009-09-24

Твиттер


Анх твиттерийн талаар сонсоод сошиал нетворк гэхээр нэг их таалагдаагүй юм. Үнэндээ бол надад фэйсбүүк, маиспэйс, hi5 зэрэг зүйлс цагны гарз гэж бодогддог. Харин нэт дээр твиттерийг "микроблог" гэсэн байхыг хараад туршаад үзье гэж бодсон. 4 сарын үед анхны твиттерээ бичээд одоо 500 орчим твийттэй, 90 орчим дагагчтай боллоо. Харин энэ 500-гийн хагас гаруйг нь зөвхөн 9 сард бичсэн бөгөөд "донтолт" явагдаж байна. Хурдан твийт бичихийн тулд гар утсандаа Snaptu, компьютертээ TweetDeck, twhirl, вэб хөтөчдөө Power Twitter, TwitterFox зэргийг суулгасан. Үүний ачаар компьютерээ 2 ч удаа гацаав.

Гэвч яг энэ үед ~дахин~ блог нээсэн бөгөөд твийтлэдэг болсноос хойш блогоо бүр мартсан. Твиттер дахь монголчуудын ихэнх нь анх блог бичээд, дараа нь твийтлэдэг болсон бол би яг эсрэгээр... Одоо харин блогтоо анхааръя... Хэзээ нэгэн цагт твиттер профайлынхаа "I barely update my blog" гэхийг авч хаяхын төлөө!

2009-08-23

Бас Мобикомын пакт

Youtube дээр энэ бичлэгийг тавьсан боловч анхны бичлэг тул бараг хүн үзсэнгүй. Гэвч ийм юм болсон юм:
(Бичлэг)

Нэгжээ шалгах гэсэн чинь урдаас DUMMY гээд л... яасан их дургүй хүрвээ.

2009-08-21

Мессеж бичих үнэ

Мобикомд гар утаснаас интернэтэд ороход 1 kB нь 8 мөнгө гэж байна. Гэтэл нэг мессеж бичихэд 19-өөс 40 төгрөг зарцуулагдана.

Амархаан тооцоо хийж үзье. Нэг мессеж нь 160 орчим үсэгтэй. Өөрөөр хэлбэл 160 орчим байт (160kB). Энэ нь 160/1024= 0.15625 kB, ганц килобайтын хаана ч хүрэхгүй.

1000 мессеж бичих үнэ дээр авч үзье. 1000 мессежийг гадны оператор руу явуулахад 40000 төг зарцуулагдана. Гэтэл 1000 мессеж гэдэг бол 156.25 kB буюу нөгөө интернэтэд орох үнээр бол 156,25*8мөнгө=1250 мөнгө=12.5 төгрөг

Өөрөөр хэлбэл бид 40000/12.5=3200 дахин их мөнгө төлж мессеж бичиж байна. Ийм болохоор хүмүүс утас дээрх и-мэйлийг идэвхижүүлээд бичвэл хамаагүй хямд тусах мэт санагдана. Эсвэл утсандаа Opera Mini-г суулган gogo-р үнэгүй мессеж бичээд л...

2009-07-29

Хүн ба шумуул

Твиттер дээр нэг хүн шумууланд хазуулчихаад түүнийг ямар хэрэгтэй амьтан юм бэ гээд твит бичихэд би шууд л урдаас нь хүн ямар үүрэгтэй вэ түүнтэй ижил, эцсийн эцэст амьдралын утга учир гэж үгүй юм шиг байна гээд хариулав. Тэгээд өнөөдөр 0-д ном уншиж байгаад үүнтэй холбоотой нэг өгүүлбэр харлаа.

We forget a fundamental truth: We are the only species in this vast web of life that no animal or plant in nature depends on for its survival. – yet we depend on this whole web for our survival (Hot, Flat, and Cold, Thomas L. Friedman)

“Бид нэг чухал үнэнийг мартаж байна. Энэхүү амьдралын их тор доторх зүйл амьтдаас бидний зүйл л дан ганцаараа аливаа амьтан, ургамалд зайлшгүй хэрэг болдоггүй. – гэтэл бид энэ торгүйгээр оршин байж чадахгүй”
Энэ өгүүлбэрийг хараад хэтэрхий макро бодож байснаа ойлголоо. Амьдралын утга учрийг олно гэж байхгүй (ж.нь. The Hitchhiker’s Guide to the Galaxy дээр ертөнц, амьдрал, бүхний хариуг 42 гэсэн тоо тайлбарлана гэдэг --> http://www.google.com/search?hl=en&rlz=1B3GGGL_enMN310MN311&q=the+answer+to+life+the+universe+and+everything&btnG=Search&aq=f&oq=&aqi=). Харин амьдрал дотроо бол бүхэн утга учир, холбоотой юм шиг. Харин хүний үүрэг?

Хүн бол бусад амьд биесээс ихэнх хэрэгцээгээ хангана. Гэтэл буцааж юу өгдөг вэ? Ядахнаа цогцосыг нь бусад амьтан иддэг байгаа даа. Гэтэл одоо бол ихэнхдээ чандарлуулж байгальдаа хэрэг болж эргэн очдоггүй. Тэр байтугай сансарт ч оршуулга хийх болсон – Южин Шумэйкэр бүр сар дээр байгаа. Үүний хажуугаар хүн зүйлийг устгана, байгалийг бохирдуулна, бүхэл дэлхийг л өөрт ч, бусдад ч муугаар нөлөөлөх байдлаар өөрчилнө. Өөрөөр хэлбэл хүн бол байгалиас тасарсан, хохирол л учруулдаг амьтан, бүр цаашилбал дэлхийн паразит болсон мэт санагдана.

Харин нөгөө шумуул маань байгальд ямар үүрэгтэй вэ? Гайхалтай нь хүнд гай болж байдаг тул түүний судалгаа нь зөвхөн яаж амархан устгах тал дээр л байдаг аж. Гэхдээ ямар ч байсан өндөг нь загас, шавьжны хоол, бие гүйцсэн хэлбэр нь шувуу, сарьсан багваахайн хоол болдог.

Тэр байтугай Google-р “human role in nature” (байгаль дахь хүний үүрэг) гэж хайхад яг үүнтэй холбогдолтой юм юу ч гарч ирэхгүй, харин хүн яаж амьтан устгаж, дэлхийн дулаарлыг үүсгэж байгаа талаар л гарч байна. Үүний адилаар шумуулны талаар хайхад харин “Шумуул тийм ч муу амьтан биш” гэсэн нийтлэл олдож байна.

Өөрсдийн биш байгаль эхийн талд орвол шумуул нь илүү ач холбогдолтой бололтой.

Ер нь шинжлэх ухаан хөгжих явцад хүн төрөлхтний байр суурь төвөөс холдсоор ирсэн. Үүнтэй ижил байдлаар, байгалийн тал дээр бас дэлхийн хаан шиг аашлахаа больвол яасан юм бэ?

2009-07-28

Би ер нь байнгын блог бичих заяагүй бололтой

Дахиад л шинэ блог эхлүүллээ. Хэддэх блог вэ бүр тоогоо алдлаа. Энэ блог дээрээ л байнга юм бичиж байх болтугай гэхээс, хэхэ.